Үндсэн цэс
| Тогтвортой бичил уурхай тєслийн алт боловсруулах бичил цех нээлтээ хийлээ |
|
|
|
| Бичсэн Bat-Erdene CHUBA |
| 2009 оны 7-р сарын 23, Пүрэв гариг, 12:00 |
|
Швейцарийн хөгжлийн агентлагийн "Тогтвортой бичил уурхай" төсөл Төв аймгийн Борнуур сумын Бичил уурхайчдын холбоо, ХАМО ХХК-тай хамтран тус сумын нутагт гар аргаар алт олборлогчдод зориулсан алт боловсруулах туршилтын цехийг ашиглалтанд оруулж 2009 оны 2 дугаар сарын 10-ны өдөр нээлтээ хийлээ.
Энэхүү цех нь тус сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гар аргаар алт олборлогчдын нөхөрлөлүүдэд тодорхой хуваарийн дагуу үйлчлэх бөгөөд чулуулгыг бутлаж мөнгөн ус, цианид хэрэглэхгүйгээр хүндийн хүчний таталцлын аргаар алт угаах байгаль орчинд төдийгүй хүн, амьтны эрүүл мэндэд халгүй технологи нэвтрүүлж байгаагаараа онцлог юм.
Иргэдийн үүсгэл санаачилга, хамтын хүчин чармайлт, Засгийн газрын дэмжлэг, Швейцарийн хөгжлийн агентлагийн техникийн туслалцаатайгаар Монголд улсад байгуулагдсан энэхүү цех нь yлсын ба хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагуудын түншлэлээр хариуцлагатай бичил уурхайг амжилттай хөгжүүлж байгаа анхны сонгодог жишээ бөгөөд энэ туршлагыг цаашид гар аргаар олборлолт ихээр явуулж байгаа гурван бүсэд нэмж нэвтрүүлэхээр төлөвлөж байна. "Борнуур суманд сүүлийн 10 гаруй жилд гар аргаар алт олборлож өрхийн амьжиргааг дээшлүүлэх иргэдийн тоо 300 гаруйд хүрсэн бөгөөд энэхүү цех нь тус сумын иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгоход чухал хөрөнгө оруулалт боллоо. Энэ ажлыг бодитойгоор хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлсэн та бүхэнд хувиасаа болон нутгийн ард иргэдийн нэрийн өмнөөс талархал илэрхийлье" гэж нээлтийн ажиллагааны үеэр тус сумын Засаг дарга Мөнхбаатар хэлсэн юм.
Нээлтийн ажиллагаанд Улсын Их Хурлын дэд дарга Н.Энхболд, Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсан, Швейцарийн хамтын ажиллагааны Монгол дахь Суурин төлөөлөгч Маркус Дубах нар хүрэлцэн ирж оролцлоо. Ноён Н.Энхболд "Энэ бол нэг суманд нэг цех нээж байгаа хэрэг биш, Монгол улсын үе үеийн төр засаг, ард иргэдийн санааг зовоож байгаа нэг асуудлыг шийдвэрлэх арга зам юм" гээд, иргэдийн санаачилга, оролцоо, олон талын хамтын ажиллагааны үр дүн болсон энэ үйл ажиллагааг цаашид зөв зүйтэй зохион байгуулж, бусад газруудад үлгэр дууриал үзүүлэх, эерэг сөрөг талыг сайтар анхаарч шинээр үүсч болзошгүй саад бэрхшээлээс шантрахгүй ажиллахыг захилаа.
Г.Батбаяр |






