Үндэсний зөвлөгөөн 2011/ 11/ 08 PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Bat-Erdene CHUBA   
2011 оны 12-р сарын 01, Пүрэв гариг, 09:35

Бичил уурхайн хууль журмын хэрэгжилтийн эхлэл сайн тавигдсан, цаашид улам эрчимжүүлэх шаардлагатай

2011 оны 11 сарын 8                                                                                   Улаанбаатар хот

 

 

ЭБЭХЯ болон Ашигт малтмалын газраас “Бичил уурхайн холбогдолтой хууль, тогтоомжийн хэрэгжилт” сэдэвт Үндэсний зөвлөлгөөнийг ШХА-ийн Тогтвортой бичил уурхайн төсөлтэй хамтран 11 сарын 8 ны өдөр Улаанбаатар зочид буудалд зохион байгууллаа. 

 

Зөвлөлгөөнөөр “Бичил уурхайн хууль журмыг хэрэгжүүлэгч төр захиргааны болон орон нутгийн байгууллага, хуулийг мөрдөж ажиллаж буй хувиараа ашигт  малтмал олборлогч иргэд болон бусад талууд хамтран бичил уурхайн хууль журмын хэрэгжилтийн явцыг хэлэлцлээ.

Маргалдаж мэтгэлцэхээсээ илүү бичил уурхайн хууль журмын хэрэгжилтийг хэрхэн зохион байгуулах, сайжруулах талаар ярилцаж,  тулгарч буй бэрхшээлийг давах боломжит гарц хайж байгаа нь энэхүү зөвлөлгөөний онцлог байв. Тус зөвлөлгөөнд УИХ, ЗГ, Яам агентлаг,  орон нутгийн удирдлага, холбогдох албан тушаалтан, судалгаа шинжилгээний болон иргэний нийгмийн байгууллагууд,  уул уурхайн компани, бичил уурхайчид болон бичил уурхайн ТББ-ын 150 орчим төлөөлөл оролцлоо. Мөн түүнчлэн Олон улсын байгууллагуудаас Дэлхийн, НҮБ, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Азийн сан зэрэг байгууллагууд урилгаар оролцов.

 ЭБЭХ-ний сайд Д. Зоригт зөвлөлгөөнийг нээж хэлсэн үгэндээ  “Бичил уурхайн асуудлыг ийнхүү хуульчилж, холбогдох журам, зааврыг батлан мөрдүүлж эхлэсэн  нь  эмх замбараагүй байдлыг цэгцлэх, гар аргаар ашигт малтмал олборлож байгаа иргэдийг нөхөрлөлийн зохион байгуулалтанд оруулах, нөхөн сэргээлт хийж хэвшүүлэх, болзошгүй осол аваариас иргэдийн амь насыг урьдчилан сэргийлэх, аливаа хэлбэрийн химийн хорт бодис ил, далд хэрэглэх явдлыг таслан зогсоох  зорилготой бодлогын алхам юм” хэмээн онцолж хэлсэн. Түүнчлэн бичил уурхай нь орон нутагт ажлын байр, орлогын эх үүсвэр бий болгож байгааг дурдаад ядуурлыг бууруулах, мөнгөний эргэлтийг нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг үнэлэв.

 Монгол Улсын Их хурлаас 2010 онд бичил уурхайн зохицуулалттай холбогдуулан Ашигт малмалын тухай хууль, Газрын тухай хууль, Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт тус тус оруулж, Засгийн газраас 2010 онд 308 дугаар тогтоолоор “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам-”ыг баталсан байна. Журамд заасны дагуу бичил уурхайн холбогдох дүрэм, заавар, маягтуудыг АМГ-ын даргын 2011 оны 153 дугаар тушаалаар баталсанаар бичил уурхайн эрх зүйн орчин үндсэндээ бүрдсэн байна. Монгол Улсын Бичил уурхайн хууль эрх зүйн орчин бусад бичил уурхай бүхий орнуудыг бодвол харьцангуй сүүлд бүрдсэн ч гэсэн амжилттай яваа гэж олон улсад үнэлэгдэж байгаа ажээ.

 Тус зөвлөлгөөнд АМГ-ын дарга Д. Батхуяг Монгол Улсын бичил уурхайн өнөөгийн байдал, төр засгаас бичил уурхайн үйл ажиллагаанд хэрхэн анхаарал хандуулж байгаа болон бичил уурхайн эерэг сөрөг тал, цаашид хийх ажил, зохицуулах асуудал, хэрэгжүүлэгч агентлагийн хувьд тавьж буй зорилтын талаар мэдээлэл хийлээ. Мөн түүнчлэн Швейцарийн хөгжлийн агенлагийн Тогтвортой бичил уурхай төслийн захирал П. Үржинлхүндэв хууль журмын хэрэгжилтийн үр дүнгийн талаар мэдээлэв. Тэрбээр хэлэхдээ “Бичил уурхай бүхий аймгуудаас Баянхонгор, Дундговь аймгийг, сумдаас Баянхонгор аймгийн Баян-овоо, Жаргалант, Төв аймгийн Заамар , Дундговь аймгийн Хулд, Дорноговь аймгийн Айраг сумдыг бичил уурхайн хууль журмыг сайн хэрэгжүүлж, орон нутгийн иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх талаар санаачлагатай ажиллаж байна” хэмэн сайшаан тэмдэглэж байв.

 Бичил уурхайн хууль журмыг хэрэгжилт болон түүнийг хэрэгжүүлэхэд сум орон нутаг, бичил уурхайчид, төр засаг, хувийн хэвшлийнхэнд тулгамдаж буй асуудлуудыг багцалж үндсэн 3 салбар хуралдаанаар хэлэлцэв. Оролцогч талуудын хамгийн маргаантай асуудал болох “бичил уурхай эрхлэх газрын асуудал” оролцогчдын анхаарлын төвд байсан бол нөгөө салбар хуралдаан дээр “бичил уурхайчдын зохион байгуулалт, үүрэг хариуцлагын асуудал” нарийвчлан яригдаж байв. Газрын болон хариуцлагын асуудлыг аль алийг нь багтаасан өөр нэг салбар хуралдаанаар “бичил уурхайчдын нийгмийн хамгаалал, төрийн зүгээс эдгээр иргэдэд хүргэх үйлчилгээний асуудал”-ыг хэлэлцсэн нь Засгийн газраас 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй нягт уялдаж байв.

 Зөвлөлгөөний хэлэлцүүлгийн явцад 1) Бичил уурхай эрхлэх газрын асуудал 2) Сангийн яамнаас бичил уурхайчдын тоогоор татвар хурааж төсөв бүрдүүлэх даалгавар өгсөн нь орон нутагт хууль хэрэгжүүлэхээс зайлсхийх шалтгаан болж байгаа талаар 3) Бичил уурхайн хууль журмыг орон нутагт хэрэгжүүлдэггүй байдал нь эргээд хууль бус үйл ажиллагаа бий болох асуудлыг нөхцөлдүүлж байгаа талаар 4) Орон нутагт орон нутгийн удирдлага, бичил уурхайчид болон лиценз эзэмшигч компани гурвын ойлголцол, хамтын ажиллагаа нь хуулийг хэрэгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой талаар оролцогчид тал талаас нь дүгнэн хэлэлцэв.

ЭБЭХ-ний сайд Д. Зоригт “Бичил уурхайд хууль, журмаас гадуур үйл ажиллагаа байна уу гэвэл хөдөө орон нутагт байсаар байна. Хууль, журам гарснаар ийм үзэгдлийг бид хууль бус гэж үзэж байгаа” хэмээн үргэлжлүүлж “Орон нутагт ийм илрэлтэй хатуу тэмцэх ёстой. Энэ бол хууль, журмыг хэрэгжүүлэх хүрээнд тавигдаж байгаа нэг шаардлага гэж үзэх ёстой. Бичил уурхайчдыг заавал газартай болго гэсэн хуулийн заалт байхгүй. Хэрэв бичил уурхайн зориулалтаар ашиглуулах газар байхгүй бол түүнийгээ иргэддээ ойлгуулж, хууль бусаар олборлолт  хийхийг нь зогсоох хэрэгтэй. Энэ бол хууль хэрэгжүүлж буй хэлбэр” гэж дүгнэж хэлсэн.

 Зөвлөлгөөний үр дүнгийн талаар оролцогчид хэлэхдээ “цагаа олсон, чухал асуудал хөндсөн зөвлөлгөөн боллоо” гэж дүгнээд цаашид орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, орон нутгийг хөгжүүлэх нэг шийдэл нь бичил уурхайг хууль, журмын дагуу зохицуулах явдал” гэж үзэв. Цаашид бичил уурхайн хууль, журмын хэрэгжилтийг  эрчимжүүлэх тал дээр санал нэгдэж энэхүү ажилд бичил уурхайчид илүү хариуцлагатай, орон нутгийн удирдлага илүү санаачлагатай ажиллах, уул уурхайн компаниуд Заамар суманд “Мон-дулаан” компани орон нутгийн удирдлага, бичил уурхайчидтай  хамтарч ажиллаж байгаа шиг ойлголцож, асуудлыг зохицуулах нь зүйтэй талаар дүгнэж ярилцав.

“Бичил уурхайн хууль, тогтоомжийн хэрэгжилтийн тухай” зөвлөлгөөн дээр ЭБЭХ-ний сайд Д.Зоригтын хэлсэн үг

Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуягийн хэлсэн үг

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 1-р сарын 26, Пүрэв гариг, 16:37