Перү, Болив Улсад бичил уурхайн чиглэлээр туршлага судаллаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Zolzaya   
2010 оны 4-р сарын 15, Пүрэв гариг, 00:00

Тогтвортой бичил уурхай төсөл /ТБУТ/ Перү, Болив Улсуудын бичил уурхайн хууль эрх зүйн орчныг судлах, танилцах аяллыг зохион байгуулав.  ЭБЭХ-ний сайд Д.Зоригттой зөвлөлдөж, Швейцарын хөгжлийн агентлагийн удирдлагатай тохиролцсоноор танилцах аяллын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, ЭБЭХЯ-ны Уул уурхай, хүнд үйлдвэрийн бодлогын газрын орлогч дарга Ч.Цогтбаатар, АМГ-ын Уул уурхай, судалгааны хэлтсийн дарга Ц.Даваацэрэн, Борнуурын хуваариа ашигт малтмал олборлогч иргэдийн “Бичил уурхайчдын холбоо” ТББ-ын тэргүүн Р.Цогбадрах, ШХА-ийн Суурин төлөөлөгчийн орлогч М. Маттяас, мөн газрын төсөл хариуцсан ажилтан А.Амгалан, ТБУТ-ийн үндэсний менежер П.Үржинлхүндэв,  МУИС-ийн багш Пүрэвсүрэн /испани хэлний орчуулагч/ нар оров.

НЭГ. Перү Улсад ажилласан тухай:

3 дугаар сарын 22-26 ны хооронд Перү-д ажиллав. Уул уурхай, металлургийн Яам, агентлаг,  бичил уурхайн ТББ-ууд, Парламентын холбогдох албаны хүмүүстэй уулзаж мэдээлэл авав. Мөн бичил уурхайчдын  хоршооллын үйл ажиллагаатай танилцав.

ТББ-ын удирдлагуудтай уулзахад яригдсан зүйл:

Перү-гийн хууль тогтоох дээд байгууллага-Конгресс 2002 онд Бичил уурхайн тухай хууль баталжээ. Хууль боловсруулах үйл явц цаг хугацаа шаардсан амаргүй байсан гэж уулзсан хүмүүс бүгд ярьж байлаа.  Хууль гарахаас өмнө Перү-д  том, дунд, жижиг, бичил гэсэн уурхайн 4 төрөл байжээ.  Засгийн газар эхний хоёрыг нь зөвшөөрдөг байж. Хууль гарснаар жижиг болон бичил уурхай албан ёсоор зөвшөөрөгдөж, орон нутгийн хөгжил,  ядуурлыг бууруулахад багагүй хувь нэмэр оруулж иржээ.

Хууль боловсруулах явцад анхнаас нь ХАМО иргэдийн төлөөллийг оролцуулсан гэнэ.

Хуулиар бичил уурхайг өдөрт  25 хүртэл тонн хүдэр олборлох, 1000 хүртэл га талбай дээр олборлолт явуулах боломжтой гэж тогтоожээ. Компани, нөхөрлөл, бие хүн аль нь ч байж болно. Гэхдээ энэ хэмжээнд хүрдэггүй гэнэ.

Лицензи эзэмшигч бичил уурхай 0,5 ам.долларын татвар төлнө,

ТББ  хуваариа ашигт малтмал олборлогч иргэдийг Засгийн газартай холбох, байгаль орчинд хал бага техник технологиор олборлолт хийх талаар сургалт зохион байгуулахад голлон анхаарч иржээ. 

Хуулиар Засгийн газрын үүрэг функцийг тодорхой болгосон. Тухайлбал, ХАМО иргэдийг сургалтанд хамруулах, ашигт малтмалын дээжийн шинжилгээ хийлгэх, хөнгөлөлттэй зээл авах, уул уурхайн техник, технологио шинэчилэх зэрэгт нь туслах үүрэгтэй.

Перү-д  жилд 170 гаруй тонн алт олборлодог, үүний 10 гаруй хувийг ХАМО иргэд олборлодог  юм гэнэ.

Алтыг үйлдвэрлэгчид гадаадад экспортлоход хориг байхгүй, гаалийн татвар байхгүй. Харин дотоодод борлуулахад 18 хувийн татвар төлдөг гэнэ.

Газар ашиглах зөвшөөрөлтэй, бүртгэлтэй ХАМО  иргэд дураар нүүж шилжиж болохгүй. 100,000 гаруй ХАМО иргэн байгаагаас 70 орчим хувь нь албан бусаар үйл ажиллагаа явуулж байгаа. Бүртгэлтэй ХАМО иргэд эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлдөг.

Хуулинд хариуцлагын механизмын тухай заалт байхгүй, иргэдийн хүлээх хариуцлагыг орон нутгийн хуулиар зохицуулна гэсэн заалт бий гэсэн.

Геологи, уул уурхай, металлургийн хүрээлэнд болсон уулзалт

Үүрэг функцийн хувьд манай АМГ-тай их төстэй юм. Хуваариа ашигт малтмал олборлогчид алт, мөнгө, цинк, зэс, хар тугалга зэрэг өнгөт метал дээр голлон ажиллаж байна. Дотоодод боловсруулалт хийх боломж хараахан бүрдээгүй. Цаашдаа эдгээр металийг дотооддоо боловсруулдаг болох бодол бий гэнэ.

Уул уурхайгаар амьдралаа залгуулж байгаа иргэдийн тоо нэмэгдэхийн хамт төвлөрөл их болсон, ялангуяа нөөц ихтэй газруудад оршин суугчид нэмэгдсэн, Засгийн газар төвлөрлийг сааруулах бодлого баримталж байна. Уул уурхайн салбарт байгаа албан бус үйл ажиллагааг цэгцлэх, зам, харилцаа холбоо, шугам сүлжээ зэрэг дэд бүтцийг Засгийн газар мэдэлдээ авах бодлого барьж байна.

Геологи, уул уурхай, металлургийн хүрээлэн хоёр төрлийн зөшөөрөл олгодог. Эхнийх нь лицензи. Компани тодорхой талбайд үйл ажиллагаа явуулах хүсэлтээ гаргана, уг талбай эзэнтэй, эсэхийг шалгаад эзэнгүй бол лицензи өгдөг. Дараагийнх нь уул уурхайн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл. Энэ зөвшөөрлийг авч байж үйл ажиллагаа явуулах эрх нээгдэнэ. Лицензи эзэмшигчтэй  гэрээ байгуулдаг. Төвлөрлийг сааруулах хүрээнд 2 жилийн өмнө энэ зөвшөөрлийг орон нутгийн засаг захиргааны мэдэлд өгсөн.  Зөвшөөрөлгүй олборлолт явуулж байгаа тохиолдол бий, үүнийг цэгцлэхийг зорьж байна.

Нөхөн сэргээлт гол асуудал биш, хуваариа олборлогчдыг зохион байгуулалтанд оруулсан нөхцөлд нөхөн сэргээлтийг хийлгэж болно гэж үзэж байна.

Эрдэс баялагийн яаманд болсон уулзалтын үеэр яригдсан зүйлийн тойм

Хууль гарсанаар ХАМО иргэд албан ёсны статустай болсон. Ер нь хуулийн гол зорилго нь энэ байсан. Хууль гарсны дараа удалгүй журам гаргасан. Журам бол зохицуулах үүрэгтэй баримт бичиг. Журамд байнга нэмэлт өөрчлөлт оруулж ирсэн. ХАМО иргэд олширч, тэдний үйл ажиллагаа хяналтгүй болсон учраас хууль, журам  хэрэгтэй болсон.

Энэ хоёр баримт бичиг гарснаар тэдний үйл ажиллагааг цэгцлэх, төвлөрлийг сааруулах, жижиг уурхайчдын өрсөлдөх чадварыг дэмжих чиглэлд ахиц гарч байна.

ХАМО иргэд уулархаг бүс, далай тэнгисийн эрэг, ширэнгэ гэсэн газар зүйн хувьд 3 өөр орчинд үйл ажиллагаа явуулж байна. Ажиллах орчин нөхцөл их ялгаатай, онцлогийг журамд тусгасан.

Албан ёсны статустай болох үйл явц эхлээд явж байна. Удаан байна. Одоогоор 100 орчим бичил болон жижиг уурхай албан ёсны болох явцдаа байна. Төв болон орон нутгийн засаг захиргаа тэднийг албан ёсны болоход уриалж, дэмжиж ажилладаг. Швейцарь, Канадын  төсөл хэрэгжсэнээр энэ үйл явц эрчимжсэн.

Хууль гаргахад нөлөөлсөн өөр нэг хүчин зүйл нь ажлын байрыг албан ёсоор хүлээн зөвшөөрөх хэрэгцээ шаардлага байсан.

ХАМО иргэдийн 98,0 орчим хувь нь алтны орд дээр ажиллаж байна. Шороон ордын алт олборлолтын 10-15 хувийг ХАМО нар үйлдвэрлэж байна. Орон нутгийн хөгжил дэвшилд тэдний оруулж буй үүрэг функцийг үгүйсгэх аргагүй. Нөгөөтэйгүүр орон нутаг ХАМО игэдэд ашигтай хуваарьлалт хийх үүрэгтэй.

Бичил болон жижиг уурхайг устгах бодол төр, засагт байхгүй, харин энэ хоёр хэлбэр хөгжиж том уурхай болох  ёстой гэж  үздэг.

Ер нь хуулиар бичил уурхайн зориулалтаар ашиглах боломжтой газруудыг тогтоох нь чухал юм.   ХАМО нар зөвшөөрөлтэй талбай дээр үйл ажиллагаа явуулахаар гэрээ байгуулдаг.

ХАМО иргэдийг зөнд нь орхиж болохгүй. Тэднийг зохион байгуулалтанд оруулахад Засгийн газар заавал оролцох ёстой. ХАМО иргэд өөрсдөө албан ёсны болоё гэж ирэхгүй, тэд бол албан бус байдлаар байх дур сонирхолтой, Засгийн газар тэдний албан бус үйл  ажиллагааг  аль болох хумих бодлого явуулах ёстой.

Перү бол бичил уурхайн олон зууны уламжлалтай улс, иргэд дуртай газраа олборлож ирсэн түүхтэй.

Бичил, жижиг уурхай 18 хувийн ашгийн татвар төлнө, түүний 50 хувийг орон нутгийн мэдэлд үлдээдэг.

Бичил болон жижиг уурхайн асуудал хариуцсан нэгж Яаманд байхгүй, төсөл дуусахаар нэгж бий болгож уг үүрэг функцийг яам хүлээж авна. ШХА 2001 онд ГАМА хэмээх төсөл эхлэсэн, энэ төсөл их үр дүнтэй болсон, одоо өөр төсөл хэрэгжиж байна. 

Парламент дээр болсон уулзалтын үеэр яригдсан зүйлийн тойм

Перү Улсын Парламентын дэд спикер хүлээн авч уулзав. Түүний ярьсан зүйлийг сийрүүлбэл:

“... ХАМО иргэдийн ухамсарт нөлөөлөх асуудлыг чухал гэж бид үздэг. Энэ ажилд  орон нутигийн засаг захиргааны байгууллага тодорхой үүрэгтэй оролцох ёстой юм. Та бүхний сонирхож буй асуудалтай холбогдуулж би манайд болоод өнгөрсөн нэг үйл явдлыг ярья. Пиюрос суманд үйл ажиллагаа явуулж байсан томоохон уурхайг байгаль орчныг сүйтгэж байна гэсэн ТББ, ХАМО иргэдийн шүүмжлэл, шахалтаар хаасан юм. Тэр уурхайн буурин дээр ХАМО нар орж ажилласан. Гэтэл тэдний үйл ажиллагааны талаар хэн ч одоо хэр сөхөж ярихгүй байна. Тэд байгаль орчинд ээлтэй хандаад байна уу гэвэл тийм биш ээ. Ард иргэд Засгийн газрыг гадныханд баялагаа тавьж өгч байна гэж  шүүмжилдэг. Гэтэл Перү дэлхийн алт үйлдвэрлэлийн 2 хувийг дангаар гаргаж байна. Засгийн газар энэ хэмжээг өсгөх нь Перу-гийн ард иргэдэд хэрэгтэй гэж үздэг. Энэ салбар өөрөө эрсдэл ихтэй салбар, гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр бид дангаар хийх боломжгүй зүйл.

 Монгол нөхдөд хууль гаргахдаа өнөөгийн нөхцөл байдлаас дутуугүй ирээдүйг нь сайн хараарай гэж зөвлөмөөр байна.

 Хууль бус үйлдвэрлэлийг аль болох түргэн цэгцлэх ёстой гэж бид үзэж байгаа. Албан ёсны болгохыг зорьж байна. Гэхдээ хүчээр устгах, шахах арга хэрэглэх нь явцгүй, харин орон нутгийн засаг захиргаанд дэмжлэг үзүүлж, ХАМО иргэдтэй ойлголцох, хамтарч ажиллах арга зам зөв болох нь харагдаж байгаа...”

ТБУТ дээр дунд шатны үнэлгээ хийсэн ноён Феликс Хрушка-гийн зөвлөснөөр бид Перү-д байхдаа Мердеса хэмээх хоршоолол дээр очиж үйл ажиллагаатай нь танилцав.  

2004 онд ТББ-ын 400 гишүүн ТББ-аас өрх тусгаарлах замаар энэ хоршооллыг байгуулжээ. Одоо 350 гишүүнтэй, бүгд хоршооллын хувьцаа эзэмшигчид юм байна. Өөр мужаас хүн байхгүй, бүгд нэг газрын хүмүүс аж. Яагаад ингэж байгуулсаныг сонирхоход газар газрын хүмүүс хамт байхаар хоршооллын  дотоод дэг журам зөрчих, өөр хоорондоо зөрчилд орох явдал их гардаг байсан, өөр муж, дүүргийн цөөн хүн байснаа хэсэг хугацааны дараа зарим нь сайн дураараа, мөн цөөн зарим нь дотоод журам зөрчиж хөөгдсөн гэж ярьсан.  

Нэгэнт бүгдээрээ хувьцаа эзэмшигчид учраас хоршооллыг ашигтай ажиллуулахыг сонирходог, ашгаа хувааж авахыг сонирходог байсан үе байсан бол хувьцаа эзэмшигчид болсноор хуримтлал үүсгэж үйл ажиллагаагаа өргөтгөхөд илүү анхаардаг болсон гэнэ. Энэ хоршоолол өөр компаний газар дээр 6 жилийн гэрээ байгуулж олборлолт явуулж байгаа гэсэн.

Хоршооллын гишүүд нийгмийн болон эрүүл мэндийн, ослын гэсэн 3 төрлийн даатгалд ордог. Хоршооллын зүгээс эдгээр даатгалд заавал орохыг шаарддаг юм байна. Сарын төлбөр нь 120 соло гэсэн. Хууль гарснаар хоршоолол банкнаас бага хүүтэй зээл авах боломж нээгдэж гишүүдээ ээлж дарааллаар орон сууцтай болгосон гэнэ.

Перү-гийн хоршооллын туршлага авч хэрэглэж болохоор санагдлаа. Үүний давуу тал нь хоршооллын гишүүд өөрсдөө ХАМО бөгөөд мөн өөрсдөө хоршооллын  хувьцааг эзэмшигчид юм. Тиймээс тэд нэг ашиг сонирхолтой хамт олон юм гэсэн сэтгэгдэл төрсөн. Хоршооллын удирдлагад гаднаас ердөө 2 хүн байдаг, тэд ч хоршооллын өдөр тутмын үйл ажиллагаанд хувьцаа эзэмшигчдийн адил оролцдог гэсэн. Нөгөөтэйгүүр бичиг баримтгүй хүмүүс, явууллын хүмүүс, бүртгэлгүй хүмүүсийг ажиллуулдаггүй юм байна. Хоршооллыг  тухайн орон нутгийн иргэдээс бүрдүүлэх, бүртгэлтэй, бичиг баримттай хүмүүсээс бүрдүүлэх, даатгалд заавал хамрагдсан байх ёстой гэсэн шаардлагууд нь манайд ч нэвтрүүлж болох хэлбэр юм гэж бодогдсон.

ХОЁР. Боливи Улсад ажилласан тухай

Болив Улсад манай багийн гишүүдийг Эрдэс баялагийн сайд, Бичил уурхай хариуцсан дэд сайд, ашигт малтмал хариуцсан департаментын баг хүлээн авч уулзаж ярилцсан. Мөн бичил уурхайн хоршооллын үйл ажиллагаатай танилцав.

Яамны удирдлагын хийсэн мэдээллээс үзэхэд бичил уурхайн хөгжилд төр нь их анхаарч байгаа юм байна. Тухайлбал, Эрдэс баялагийн Яаманд бичил уурхай хариуцсан дэд сайд, бичил уурхайн алба гэсэн нэгж ажиллаж байна. Дэд сайд өөрийгөө 16 жил ХАМО амьдралаар амьдарсангэж танилцуулсан.

Бичил уурхайд 70 000 орчим  хүн ажиллаж байгаа гэсэн. Ер нь улсын хэмжээнд 350.000 гаруй хүний амь, амьдрал  бичил уурхайгаас хамааралтай гэж үздэг юм байна. Бичил уурхайчид голдуу амьдардаг хоёр томоохон хот бий болжээ. Сүүлийн үед бичил уурхайд ажиллагсад нэмэгдэж төвлөрөл их болж байгаа тухай салбрын удирдлагууд ярьж байсан.

Төрийн мэдлийн уурхай, хувийн уурхай, бичил уурхай гэсэн 3 хэлбэр байна.

Бичил уурхайчдын гол бүтэц нь хоршоолол юм. Хоршоолол, хувийн уурхай хоёрын  гол ялгаа нь хэмжээндээ байдаг гэнэ. Зарим хоршоолол 1000 хүртэл хүнтэй байхад хувийн уурхай 30-50  хүнтэй  гэсэн. Хувийн жижиг уурхайнууд  түр хугацаагаар хүн ажиллуулдаг гэсэн.

Төр, ялангуяа өнөөгийн засгийн газар хоршооллыг илүү дэмжих бодлого барьж иржээ. 2010 онд гэхэд л Ерөнхийлөгч 18 сая ам.долларын буцалтгүй тусламжийг хоршооллыннхонд  олгохоор шийджээ.

Салбарын сайдын яриагаар бол төр бичил уурхайд зарим хөнгөлөлт эдлүүлдэг юм байна. Тухайлбал, том уурхайнууд 37,5 хувийн татвар төлдөг, энэ бол орлогын татвар, харин бичил уурхай буюу хоршоолол ийм татвар төлдөггүй гэсэн. Том уурхайнууд ялгавартай хандах бодлогоос зугатаж үйлдвэрлэлийн хэмжээ, орлого зэргээ  дарж мэдээлэх явдал нэлээд гардаг гэсэн. Ер нь ялгавартай хандах бодлогыг хувийн компанийхан дэмждэггүй гэсэн.

Бичил уурхайд төрөөс ингэж найрсаг хандаж байгаа нь олон сая хүн энэ  салбарт ажиллаж өөрсдийгөө авч явж байгаа учраас төр тэднийг дэмжиж  чадах зүйлээ хийж буй нь энэ гэж ярьж байсан.

Одоогийн Парламентад 8 уурхайчин суудаг  гэнэ. Тэднийг төр бодлогоор дэмжсэн гэж ярьж байсан.

Хоршоолол банкнаас зээл авах эрхгүй субъект, учир нь төлбөрийн чадвар доройтой нь холбоотой юм.

Үндсэн хуулиндаа хоршооллын тухай заалт нэмж оруулж байгаа,  энэ жил батлагдах байх гэж ярьж байсан. Албаны хүмүүсийн ярианаас үзвэл, Үндсэн хуулиндаа бичил уурхайн тухай заалт оруулж байгаа гэдгээрээ тивдээ анхдагч орон юм байх.

Эрх зүйн актуудаа сайжруулах, шинээр бүтэц бий болгох зэргээр энэ салбарт их ач холбогдол өгч байгаа нь засгийн эрхэнд зүүний хүчнийхэн гарсантай холбоотой юм гэсэн дүгнэлт хийж болохоор юм.

Төрийн албаны хүмүүс нь албан бусаар олборлолт явуулагчдын тоо их болохын хамт төрийн хяналт, зохицуулалт шаардлагатай болж эхлэсэн гэж ярьж байсан. Ер нь албан бусаар олборлолт явуулах нь иргэдэд төдийлөн ашигтай бус, осол аваар гарахад хүч мөхөсддөг,  уурхайчдын эрүүл мэндэд  хүртэл муу нөлөөтэй байсан гэж ярих юм.

Бичил уурхайн тусгай хууль байхгүй, ерөнхий том хуулиар зохицуулах гэж оролдож иржээ. Бичил уурхайчдын үйл ажиллагаа тодорхой хяналтанд орж эхэлж байгаа хэдий ч иргэд бас үүнд төдийлөн дуртай ханддаггүй гэнэ.

Улсын хэмжээнд 620 хоршоолол үйл ажиллагаа явуулж байгаа аж. Тэдгээрт 600.000 гаруй хүн бүртгэлтэй гэсэн. Ашигт малтмал ашигласны татвар, эрүүл мэндийн даатгал төлдөг, мөн бүсийн хөгжлийн татвар гэж төлдөг гэсэн.

Хоршооллууд хоорондоо хамтран ажилладаг, бие биедээ шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлдэг, гэхдээ санхүүгийн туслалцаа үзүүлэх боломж хомс, чадавхи сайжруулах чигллээр тусладаг.

Боливи үндэсний хэмжээний ТББ байгуулжээ. Тэр нь гишүүн хоршооллуудад техник технологийн болон мэргэжлийн дэмжлэг үзүүлдэг юм байна.

Боливид зүүний хүч засгийн эрх авч томоохон уурхайнуудыг төрийн мэдэлд авчээ. Төрд очсон уурхайнууд  алдагдалд орсон тул төр тэдгээрийг хоршооллуудад шилжүүлжээ.

Жилд үйлдвэрлэдэг алтны хэмжээгээ салбарын удирдлага нь мэдэхгүй юм. Алтны арилжаанд төр хяналт тавьдаггүй гэж ярьж байсан. Алтыг худалдаж авах, борлуулах улсын нэгдсэн механизм байхгүй, экспорт чөлөөтэй юм.

Гурав.     Товч дүгнэлт:

Энэ хоёр улс аль аль нь бичил уурхайн олон зуун жилийн түүхтэй, уламжлалтай улс юм. Монголчууд мал маллаж нүүж сууж ирсэн шиг Перү, Боливи ард иргэд нь хэзээнээс  өнгөт металл олборлож өдөр тутмын амьдралаа залгуулж ирсэн  суурьшмал соёлтой үндэстэн юм.

Тиймээс бичил уурхай тэдний хувьд шинэ  салбар биш юм, бичигдээгүй  хууль, соёл ч гэж бас байдаг бололтой юм. Өөр нэг онцлог нь бичил уурхай нь ихэнхдээ үндсэн ордных  юм. Тиймээс нөхөн сэргээлтийн асуудал одоо хэр тэгтлээ хурц асуудал болж тавигдахгүй явж ирсэн болов уу гэсэн сэтгэгдэл төрөхөөр байна.

Ард иргэдийн амжиргааны гол эх сурвалж болсон улалмжлалт үйлдвэрлэл учраас засгийн газраас хүчээр хаах, шахах бодлого баримталж байсангүй бололтой.

Сүүлийн жилүүдэд бичил уурхайг хууль эрх зүйн хүрээнд оруулах талаар аль аль нь анхаарч арга хэмжээ авч иржээ. Энэ нь уг салбар өөрөө олон арван мянган иргэдийг багтаасан ажлын том талбар болж мөн олон сая хүмүүсийн амь амьдрал энэ салбараас шууд хамааралтай болж ирсэн учраас төр засаг хяналтанд оруулах, бодлогоор хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзсэнтэй холбоотой юм. Албаны хүмүүсийн ярианаас ийм дүгнэлт хийж болохооор байна.

Бичил уурхайг хүлээн зөвшөөрөх, эсэх тухай асуудал тэнд алга. Харин бичил уурхайчдыг бүртгэлжүүлэх, нийгмийн үйлчилгээнд хамруулах, татвар, даатгалд оруулахад илүү анхаарч байгаа нь харагдлаа. Энэ нь бидний бичил уурхайчдыг зохион байгуулалтанд оруулах гэдэгтэй утга ойролцоо ажил юм гэж ойлгогдлоо.

Хууль эрх зүйн орчин зайлшгүй хэрэгтэй гэж тэд зөвлөж байлаа. Бичил уурхай өөрөө чухал ажлын байр учраас түүнийг зөв бүтэц, зохион байгуулалтанд оруулах нь Засгийн газрын хийх ажил гэж  тэд  үзэж байна. Ер нь хууль журамд  орохыг бичил уурхайчид сонирхохгүй шүү гэсэн санааг ч хэлж байлаа. Тийм учраас хууль журмын зохицуулалт нь  Засгийн газрын сонирхож хийх ажил гэнэ.

Хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх процесст иргэдийг оролцуулж  ирсэн нь анзаарагдлаа. Ажлын хэсгийн боловсруулсан төслийг  танилцуулж санал авснаас  анхнаас нь өөрсдийг нь оролцуулах нь  илүү ач холбогдолтой  байдаг биз ээ.

Бичил уурхайн бүтцийн тухайд Перү-гийн хувьцаат хоршооллын туршлага их сонин санагдлаа.  Манайд ч нөхөрлөл, компанийг ийм байдлаар зохицуулах боломж байж болох юм.

ТББ-ын үйл ажиллагаа цэгцтэй, юм  юм руу ороод байддаггүй юм байна гэсэн ойлголт бидэнд төрсөн. Бичил уурхайчдыг юуны өмнө Засгийн газартай, гол хамтран ажиллагч талуудтай харилцахад тэдний дунд гүүр болж тусалж иржээ.  Бас нэг ажиглагдсан зүйл бол тэдний ТББ нь дотроо олон төрлийн  жижигрүүлсэн бүтэц байдаггүй юм байна.

 П.Үржинлхүндэв, ТоБУТөслийн менежер

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 8-р сарын 04, Лхагва гариг, 16:18