Сайн жишээ, туршлагаас хуваалцая. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Батжаргал   
2009 оны 8-р сарын 20, Пүрэв гариг, 17:10

ТоБУТ-ийн үйл ажиллагаа хэрэгжиж буй Баянхонгор аймгийн Жаргалант, Бөмбөгөр суманд Монголын үндэсний олон нийтийн телевиз, ТВ-5, “Зууны мэдээ”, “Улаанбаатар” сонины сэтгүүлчид энэ сарын 10-16-ны өдрүүдэд ажлаад ирлээ.

Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслээр “нинжа” хэмээн нэрлэгдсэн хүмүүс ямар ч хууль журамд захирагдахгүй, байгаль орчныг сүйтгэж байгаа тухай, тэдний дунд гэмт хэрэг, зүй бус үйлдэл газар авсан хэмээн бичигдэж, яригдаж ирсэн билээ. Гэтэл энэ хоёр суманд ажилласан сэтгүүлчдэд хувиараа ашигт малтмал олборлогч (ХАМО-гч) иргэд нөхөрлөлийн зохион байгуулалтанд орж, “нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагатай” шинэлэг хамт олон болох замд яваа нь ажиглагджээ.

Жаргалант сумын Бүүргийн амны баруун, зүүн салаанд одоогоор 117 өрхийн 500-аад хүмүүс нөхөрлөлийн зохион байгуулалтанд орж, сумын Засаг даргын тамгийн газартай гэрээ байгуулан ажиллаж байна. Сум орон нутгийн дэмжлэг туслалцааг авч, өөрсдийн үүрэг хариуцлагаа тодорхой болгосон учраас энд ажиллаж буй 40 гаруй нөхөрлөлийн ХАМО-гч иргэд ажлын байртай болж, үүрэг хариуцлага ухамсарласан бичил уурхайчид болж байгаа талаар сэтгэл хангалуун ярьжээ.

Тэд нийгмийн ба эрүүл мэндийн даатгалд хамрагдаж, татвар хураамжаа төлж, нийгмийн халамж үйлчилгээг авч чаддаг болсон аж. Тухайлбал энэ оны хагас жилийн байдлаар ХАМО-гч иргэд 1,200,000 төгрөгийн орлогыг сумын төсөвт оруулсан тухай сумын Засаг дарга ярьжээ.

ХАМО-гч иргэд нөхөрлөлийн зохион байгуулалтанд орж ажилласнаар олон асуудлыг шийдэж чадаж байгаа талаар тэд өөрсдөө төдийгүй аймаг, сумдын удирдлагууд ярьж байна. Тухайлбал: зөвшөөрөл олгосон газарт олборлолт явуулах талбайгаа хуваарилан авч, аюулгүй ажиллагааг хангаж ажиллаж, дотоодын хяналтыг сайжруулж, архидалтыг бүрэн зогсоож чадсанаар элдэв сөрөг үр дагавар гарахаа больсон байна.


Олборлолт явуулсан 5 газрын 1.3 га газарт ухсан нүхийг дарж техникийн нөхөн сэргээлт хийсэн байна. Түүнчлэн ундны усны хоёр булгийн эхийг нөхөрлөлийн гишүүд өөрсдийн зардлаар хамгаалж хашсан байна. Бөмбөгөр сумын Буйлсанд олборлолт явуулсан 1 га газарт нөхөн сэргээлт хийх ажлыг хийж эхлээд байна. ТоБУТ-өөс эдгээр хоёр газарт нөхөн сэргээлт хийхэд туслах зорилготой жижиг оврын тракторыг худалдан авч өгсөн нь тэдэнд ихээхэн тус нэмэр болж байгаа аж.

Жаргалант суманд алт олборлож буй “ЖАМП” компани орон нутгийн засаг захиргаа, ХАМО-гч иргэдтэй хамтран ажиллаж, өөрийн лизенцитэй талбайгаас 3.2 га газарт гэрээний дагуу олборлолт явуулахыг ХАМО иргэдэд зөвшөөрчээ. Түүнчлэн тус компани ХАМО-гч иргэдэд ашиглалт явуулсан талбайд техникийн нөхөн сэргээлт хийхэд өөрийн техникээр тусласан байна.

ХАМО-гч иргэд болон орон нутгийн удирдлагуудтай уулзаж ярилцсан хэвлэл мэдээллийн хүмүүс “ТoБУТ-ийн хүрээнд гарч байгаа иймэрхүү сайн практик, зөв зохион байгуулалтыг монголын бусад аймаг, сумдад үйл ажиллагаа явуулж байгаа ХАМО иргэдийн дунд түгээн дэлгэрүүлээсэй” гэж ярьж бичиж байна.